Монгол дохионы хэлний ажилтан М.ГАНЖАРГАЛ
“МОНГОЛЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ АДИЛСЛЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ
М.Ганжаргал нь 1989 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод айлын бага охин болж төрсөн. М.Ганжаргалын төрөлх хэл нь монгол дохионы хэл юм. Учир нь түүний эгч сонсголгүй бөгөөд тэрээр төрсөн мөчөөсөө эхлэн эгчээсээ монгол дохионы сурч эхэлсэн. 1996 онд 29-р тусгай сургуульд элсэн орж монгол хэлний бичгийн хэлнээс суралцаж эхэлсэн. Тэрээр 2006-2010 онд “Цахим” дээд сургуулийг компьютер график дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн. М.Ганжаргал нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны үүсгэн байгуулсан сонсголгүй сурагчдад зориулсан “Тэнгэрлэг охид хөвгүүд клуб”-ын идэвхтэй гишүүн ба сурч мэдсэнээ үе тэнгийн сонсголгүй нөхөд, дүү нартаа зааж манлайлж байлаа. “Шинэ Монгол” ахлах сургуулийн “Шува” клубын сонсголтой сурагч, үе тэнгийнхэндээ монгол дохионы хэлнээс зааж байсан. Дээд сургуульдаа суралцахын хажуугаар сонсголгүй хүүхдийн “Бамбарууш” цэцэрлэгт сайн дураар тусалж, БШУЯ-ны дэргэдэх монгол дохионы хэлний стандарт боловсруулах багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан.
2011 онд “Color team” ХХК-н эх бэлтгэгчээр ажлын гараагаа эхэлж, 2012 онд “Nexus Zone” ХХК-руу шилжин орж мониторингийн ажилтан хийж байжээ. Өдгөө нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Одоо Тэгш тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төсөлд дохионы хэлний судлаачаар ажиллаж байна.
М.Ганжаргалын сэтгэгдэл
Бичгийн хэлний чадвар тааруугаас болж сонсголтой хүмүүстэй ажиллаж байх үед хамт олныхоо дунд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, харилцан ойлголцоход хүндрэлтэй байсан.
Харин “Тэгш Тусгал” ТББ-д ажилд орсон цагаас монгол дохионы хэлний хэлмэрчээр дамжуулан ажлын хамт олонтойгоо чөлөөтэй харилцаж, өөрийн үзэл бодлоо саадгүй илэрхийлдэг болсон. Хүмүүстэй саадгүй харилцах орчин нөхцөл бүрдэж байгаад би баяртай байгаа. Улмаар харилцааны саадгүй болсноор өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөрийгөө хөгжүүлэх боломж байгааг би олж харсан.
“Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төсөлд дохионы хэлний судлаачаар ажиллаж эхлээд нэлээн хугацааг өнгөрүүлжээ. Энэ хугацаанд ажлын хамт олон, төслийн үйл ажиллагааны явцад олон зүйл сурч мэдэж авсан. Аман ярианы хэл нь албан ёсны хэл бол дохионы хэл нь бие даасан албан ёсны хэл биш гэсэн буруу ойлголт энэ төсөлд ажиллах хугацаанд өөрчлөгдсөн. Дохионы хэл бол бие даасан бүтэц тогтолцоотой, аман ярианы хэлтэй эн тэнцүү хэл гэдгийг мэдэж, эх хэл дохионы хэлээрээ бахархах сэтгэл төрж судалж мэдэх хүсэл тэмүүлэлтэй болсон.
Сонсголтой хүмүүстэй харьцахдаа дохионы хэлээсээ ичиж, дохионы хэлээрээ ярихгүй нуудаг байсан маань одоо эсрэгээрээ өөрчлөгдсөн. Сонсголтой хүмүүстэй харьцаж эхлэхдээ тэд дохионы хэл мэдэхгүй байсан ч хамаагүй би өөрөө монгол дохионы хэлээр мэндчилж, баярласан сэтгэлээ илэрхийлдэг болсон.
Хамтран ажиллаж байгаа арвин туршлагатай сонсголгүй судлаачдаасаа маш их зүйл сурч байна. Миний мэдэхгүй, чадахгүй зүйл дээр байнга зөвлөж, асуудлаа даван туулахад дэмжиж, гар нийлэн хамтран ажиллаж байна.
Хөдөө орон нутгийн сонсголгүй иргэдээс монгол дохионы хэлний судалгаа авч байхдаа ойлгомжтой, цэгцтэй ярих, илтгэх чадварт суралцаж, монгол дохионы хэлний чадвар ялгаатай хүмүүст хэрхэн ойлгуулах вэ гэдэг тал дээр анхаардаг болсон. Хөдөө орон нутгийн сонсголгүй хүмүүс нь нийслэл хотод амьдардаг сонсголгүй иргэдээс мэдээллээс хол, монгол дохионы хэлний чадвар харилцан адилгүй байгаа нь ажиглагдаж байсан. Хөдөө орон нутгийн сонсголгүй хүмүүст нэг удаагийн сургалт бус давтамжтай сургалт явуулах, шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэх хэрэгцээ шаардлагатайг анзаарсан. Төслийн үйл ажиллагааны хүрээн дэх сонсголгүй иргэний нийгмийн байгууллага, монгол дохионы хэлний сайн дурын багт сургалт явуулж байхдаа илтгэх, тайлагнах, нэгтгэн дүгнэх, төлөвлөх зэрэг ур чадвар маань сайжирч, ахиц гарч байгаад баяртай байна.
Дашрамд хэлэхэд монгол улсын сонсголгүй хүмүүс, бидний монгол дохионы хэлний хөгжлийн төлөө маш том дэмжлэг үзүүлж буй Финланд улсын Гадаад хэргийн яам, Флом байгууллага болон Финланд улсын татвар төлөгч нийт ард түмэнд баярлаж талархсанаа илэрхийлье.