Монгол дохионы хэлний хэлмэрч И. Болормаа
Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Миний бие Бурханы дуудлагаар сонсголгүй иргэдийн төлөөх үйлчлэлд 1994-оноос эхлэн Монгол дохионы хэлмэрчээр ажиллаж байна. “Найдвар” сүм болон “Дэмжих гар” төрийн бус байгууллагат ажилласан.
Би 2013 - 2017 онд Финландын ФЛОМ байгууллага, Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо ТББ, Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо ТББ-ын хамтран хэрэгжүүлсэн “Монголын сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагыг чадавхжуулснаар нийт сонсголгүй иргэдийг идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн сонсголгүй иргэдэд үйлчлэх “Мэдээллийн төв”-д монгол дохионы хэлний хэлмэрчээр ажиллаж байлаа. Одоогоор Финландын Гадаад Харилцааны Яам, ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Тэгш Тусгал ТББ-ын “Сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх нь” төслийн монгол дохионы хэлний хэлмэрч, “Дохионы Хэлний Хэлмэрч Орчуулагчдын” холбоонд монгол дохионы хэлний хэлмэрчээр, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд монгол дохионы хэлний хөтлөгч хэлмэрчээр ажиллаж байна.
Миний нөхөр М.Ганбаатар нь сонсголгүй хүн бөгөөд хоёр хүүхэд маань дохионы хэлмэрчээр ажилладаг, гэр бүлээрээ монгол дохионы хэл болон сонсголгүй иргэдийн төлөө ажиллаж байгаа онцлог гэр бүл билээ. Миний хувьд Финландын засгийн газраас монгол улсын сонсголгүй иргэдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн цагаас эхлэн монголын сонсголгүй эрх мэдэлжсэн, манлайлах чадвартай шинэ залуу үеийг бий болгох суурийг тавьсан гэж үздэг юм. Монголын сонсголгүй иргэд нь бие даасан үзэл бодолтой, алсыг харсан ухаалаг шийдвэрүүдийг гаргаж, манлайлагч болох хүсэл эрмэлзэл дүүрэн, уйгагүй хөдөлмөрч чанарт суралцан хөгжиж байна.
Дохионы хэлмэрчийн хувьд миний бие мөн сонсголгүй хүмүүстэйгээ хамт суралцаж, хөгжиж чадавхажсаар байна. Амжилтад хүрэх гол нууц нь сонсголгүй хүнд өөрт нь байдаг гэдгийг монголын сонсголгүй иргэд хэдий нь ухаарсан нь билээ. “Тэгш Тусгал ТББ-ын “Сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд монголын сонсголгүй иргэд нь өөрийн төрөлх эх хэлээ хэл шинжлэлийн хүрээнд судлан шинжилж буй явдал нь түүхэнд үлдэх үнэт өв байх болно.
Төслийн хүрээнд монгол дохионы хэлний “Веб толь бичиг” бий болсноор нийт сонсголгүй иргэд болон, шийдвэр гаргагчид, сонсголгүй иргэдийн гэр бүл болон нийгмийн бусад бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх гол тулгуур нь байх болно.
Аливаа хэл уствал дагаад тухайн улсын соёл устдаг тиймээс “Монгол дохионы хэлийг” албан ёсоор хуульчлан баталгаажуулах хэрэгцээ шаардлага өндөр байна. Хүний алдаж болохгүй хамгийн чухал зүйл бол өөртөө итгэх итгэл юм. Монголын сонсголгүй иргэдийн итгэлийн галыг өөд нь бадраах боломжийг олгож буй Финландын засгийн газар болон ард түмэнд тань талархаж байна. Миний хувьд байгаа бүхнээрээ чадах зүйлээ хийж сонсголгүй иргэдийн төлөө ажилласаар байх болно.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.