Төслийн сайн дурын багийн гишүүн Л.Ундрах.
Сайн байцгаана уу?
Намайг Ундрах гэдэг. Одоо 45 настай, 4 хүүхдийн ээж байна. Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулийг төгссөн. “Улаанбаатар Баптист төв чуулган”-д дохионы хэлний орчуулагчаар ажилладаг. Миний хувьд “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх” төслийн сайн дурын багийн гишүүн болон үгжүүлэх багийн гишүүнээр ажиллаж туршлага хуримтлуулж байна. Манай “Дохионы хэлний ажлын хэсгийн сайн дурын багт алслагдсан хөдөө орон нутгийн сонсголгүй иргэдийн төлөөлөл, Улаанбаатар хотын иргэдээс гадна, сонсголгүй иргэдийн нийгмийн бүлгийн насны бүлэг бүрийн төлөөлөл байдаг. Энэ багаараа бид Дохионы хэлний судлаачдын судалж, шинжилж цахим толь бичигт оруулахын өмнөх бүх дохиог хэлэлцдэг бол “Үгжүүлэлтийн баг”-аараа бид уг дохионд дүйцэхүйц монгол хэлний хөрвүүлгийг тодорхойлдог.
Энэхүү Дохионы хэлний ажлын хэсэг-сайн дурын багаас миний ойлгож авсан томоохон зүйлүүдийн нэг бол тэдний амьдарч буй газарзүйн байршлын онцлогоос шалтгаалан дохионы хэл нь өөр өөр байдгийг мэдсэн явдал юм. Мөн бид “Монгол дохионы хэлний хэлэлцүүлэг”-ийн үеэр маш их зүйл суралцсан. Өмнө нь төдийлөн мэддэггүй байсан зарим дохиог мэддэг болж, багаараа дохиог хэлэлцэх явцдаа нэгдсэн нэг ойлголтод хүрч, үр дүн гарган хамтран ажиллаж байгаад урамтай байгаа. Өмнө нь өөрийгөө зөв дохиж байгаа болов уу, буруу дохиж байгаа болов уу гэдэгт эргэлзэж, санаа зовнидог байсан бол одоо “Монгол дохионы хэл” маань баялаг гэдгийг ухаарч, ойлгосны дараа өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж нүүр бардам дохидог болсон. Үүнд би маш их олзуурхууштай байна.
Үгжүүлэх багийн ажлын үр дүнд “Монгол дохионы хэлний цахим толь бичиг”-т байрших дохионы монгол хэлний орчуулга хийгдсэн. Ирээдүйд энэхүү толь бичгийг ашиглан дохионы хэл сурах болон зааж буй бүх хүмүүст боломж бүрдэж байгаад баяртай байна. Энэ нь гэрэлт ирээдүй ойрхон байгаагийн илрэл юм.
Мөн сайн дурын баг, үгжүүлэх баг, төслийг хэрэгжүүлж буй багийн нийт гишүүдээр бахархаж байна. Учир нь энэхүү ажил нь урьд өмнө нь огт хийгдэж байгаагүй, том судалгаанд суурилсан, Монголын сонсголгүй хүмүүсийн хувьд хамгийн анхны бөгөөд шинэ алхмын эхлэл болсон. Энэхүү төслийг хэрэгжих хугацаанд үр дүнтэй ажиллаж зорилгодоо заавал хүрээсэй гэж хүсэж байна.
Төслийг хэрэгжүүлэгч Тэгш Тусгал төрийн бус байгууллагат маш олон хүмүүс итгэл хүлээлгэн ажлаа амжилттай дуусгахыг хүсэн хүлээж байна. Бид бүгдийн хийж буй ажлын үр дүнд сонсголгүй иргэдийн хэлний адилсал бэхжин, нэгдэн нийлж байгаад баяртай байна. Төслийн үйл ажиллагаанд хамрагдахаас өмнө өөрсдийн эх хэл болох дохионы хэлийг баялаг, үнэ цэнтэй гэдгийг мэдэхгүй дутуу үнэлдэг буруу ойлголт маань засарсан. Үүнийг ухаарч ойлгосны үндсэн дээр өөртөө итгэх итгэл маань бий болсон. Одоо орчуулгынхаа ажлыг өмнөхөөсөө илүү урам зоригтой, сэтгэл хангалуун хийж байна. Энэ боломжийг олгосон төслийг хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч байгууллагууд, Финланд улсын хандивлагчдад маш их баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье.