ТЭГШ ТУСГАЛ ТББ-ЫН ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Тэгш Тусгал ТББ нь Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр 2023-2026 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх зорилгоор байгууллагын чадавх, тэдний төрийн байгууллагуудад нөлөөлж буй нөлөөлөл болон хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг судалж тодорхойлохыг зорьсон. Энэхүү суурь судалгаа нь ХБХ байгууллагууд өөрсдийгөө тодорхойлсон хамгийн анхны томоохон хэмжээний судалгаа болсон төдийгүй холбогдох чиглэлээр шинэ санал санаачлага, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг судалгааны тайлан болон хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал зөвлөмжийг ашиглах боломж бүрдэх юм.
Уг төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын мэдлэг ур чадварыг сайжруулах, хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцах замаар чадавх бэхэжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоо, нөхцөл сайжрахад чиглэсэн анхдагч төсөл тул төслийн ач холбогдлыг ХБ хүний иргэний нийгмийн байгууллагууд төдийгүй төр, олон улсын байгууллагууд мөн өндөр ач холбогдол өгөн оролцож байгаа.