Монгол дохионы хэлний судлаач Б.БЯМБАСҮРЭН
“МОНГОЛЫН СОНСГОЛГҮЙ ИРГЭДИЙН ХЭЛНИЙ АДИЛСЛЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСӨЛ
Монгол дохионы хэлний ажилтан Б.Бямбасүрэнгийн сэтгэгдэл:
Б.Бямбасүрэн миний бие энэхүү төслийн ажилд орохоос өмнө сонсголгүй хүүхдийн боловсролын багш, дохионы хэлний багш, сонсголгүй орчуулагч зэрэг ажлуудад ажиллаж өөрийн хэмжээний туршлагатай байсан. Харин Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн дохионы хэлний судлаачаар ажилласнаас хойш дохионы хэл судлах судалгааны ажлын арга зүйд суралцаж, хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын сонсголгүй хүмүүсээс дохионы хэлний судалгаа авч, тус судалгаандаа дүн шинжилгээ хийх арга зүйд сурч туршлага хуримтлуулж авлаа. 😎
Өмнө дохионы хэлний дохио нэг бүрийг болон дохионы утгыг төдийлөн анхаардаггүй, байдаг л зүйл мэтээр боддог байсан бол судлаачаар ажиллаж эхэлснээс хойш дохио нэг бүрийг ажиглаж, анхаардаг болсон. Тухайн дохио нь ямар утгыг илэрхийлж байгааг болон ганцхан утгыг илэрхийлж байгаа эсэх, өөр хувилбартай эсэх зэргээр бодож, сонсголгүй хүмүүсийн дохиог нарийн ажигладаг болсон. Мөн дохионы хэлний таван бүрдүүлбэрийн аль нэг нь өөрчлөгдвөл ямар дохио илэрхийлэгдэх бол гэж бодон өөрчилж дохиж үздэг болсон. Энэ бодол, ажиглалтаа ажлын цагаар бус сонсголгүй хүмүүстэй харилцах явцдаа, гэртээ, автобусанд зэрэг хаа ч явсан боддог болоод байгаа.
Судалгааны явцад монгол дохионы хэл хэр их баялаг болохыг мэдэрч, бусад сонсголгүй хүмүүстээ монгол дохионы хэл баялаг байхад гадаад дохио хэрэглэхгүй байхыг гэж уриалж, улмаар гадаадын дохио хэрэглэж байгаа хүмүүст монгол дохиогоо хэрэглэхийг хүсэлт гаргадаг болсон.
Зураг Цойлогсод хэлэлцүүлгийн панелистүүд 2023 оны 06-р сарын 30. Зүүн талаас жүжигчин Б.Амарсайхан, Б.Бямбасүрэн (Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн Монгол дохионы хэлний ажилтан), Л.Энх-Амгалан БШУЯ-ны сайд
Энэхүү төсөлд ажилласнаас хойш монгол дохионы хэлний үнэ цэнийг ойлгож, сонсголгүй хүмүүст тулгамдаж байгаа асуудал, дохионы хэлний хэлмэрчийн хэрэгцээ шаардлагын талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болсон.
Өнгөрсөн хавар буюу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр миний бие дөрвөн хүүхэд төрүүлж “Алдарт эх” болсны тэмдгээ МУ-ын төрийн тэргүүнээсээ авахаар болсон юм. Сонсголгүй хүмүүс нийгмийн харилцаанд ороход дохионы хэлний хэлмэрч нь маш чухал үүрэгтэй болохыг мэддэг учраас төрийн ордонд хэлмэрчтэй цуг орсон. Алдарт эхийн тэмдгээ авах гэсэн хэд хэдэн сонсголгүй ээжүүд надтай цуг байсан. Тэд харин хэлмэрчгүй чимээгүй л бусад ээжүүдийг дагаад орохыг хараад өөрийн эрхгүй сэтгэл эмтэрсэн. Тэдэнд дохионы хэлмэрчээ өгч оруулах гэсэн ч урьдчилан бүртгүүлээгүй учраас ямар ч боломжгүй байлаа. Би одон тэмдгээ авахаар орох тэр мөчид сонсголгүй хүн гэдгээ мэдэгдэж, хэлмэрчтэй байх ёстой гэдгээ мэдэгдүүлье гэсэн бодол харван орж ирсэн.
Улсынхаа тэргүүн дээр очихдоо дохионы хэлний хэлмэрчээ дагуулан очиж, “Сайн байна уу?” гэдгээ би дохиогоор илэрхийлж, хэлмэрчээрээ дамжуулан хэдэн хором ярьж одонгоо авсан. Ерөнхийлөгч ерөөлийн үг хэлж, түүнийг хэлмэрч маань надад дамжуулан хэлсэн. Ерөнхийлөгчтэй зургаа авхуулахдаа дэлхийн сонсголгүй хүмүүс “I LOVE YOU” үгийг илэрхийлдэг дохиог ерөнхийлөгчид зааж өгч хамтдаа зургаа даруулсан. Одонгоо аваад гарах явцдаа бусад сонсголгүй ээжүүд маань ерөнхийлөгчийн хэлсэн ерөөлийн үгийг ч сонсохгүй, чимээгүй зогссоор одонгоо авч байгааг өрөвдөж, сонсголгүй хүмүүст хүртээмжгүй байдалд харамссаар гарсан.
Дохионы хэлний хэлмэрчтэй орох ёстойг ухамсарлан, улмаар дохионы хэлээр мэндэлж, хэлмэрчээр дамжуулан хэдэн хором үг солилцох зориг гаргасан маань энэхүү төсөлд ажилласнаар илүү их зоригжсон явдал гэж үзэж байна.
Зураг Б.Бямбасүрэн (Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төслийн Монгол дохионы хэлний ажилтан) Алдарт Эх II одон авах үеэр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт, Төрийн ордон 2022 оны 5-р сарын 26.